FREE HAND

Брэнд ба Брэндингийн тухай

МУБИС- Дүрслэх Урлаг Технологийн Сургууль
Дизайн Зохион Бүтээлтийн Багш Магистр Д. Амгаланбаяр

Брэнд ба Брэндингийн тухай
Лого", " Брэнд" гэсэн үгнүүдийг сүүлийн үед хүн бүр мэддэг болсон. Логог бол компани, байгууллагын эсвэл үйл явдлын таних тэмдэг гэж ойлгодог. Харин брэндийг хүн бүр тодорхой бараа бүтээгдэхүүнтэй зүйрлэдэг. Лого нь эсвэл брэнд нь ямарваа рекламт компанит ажлын анхаарлын товд байж рекламны үүрэг гүйцэтгэдэг болж байна. Хүн бүрийн мэддэг брэндүүд өөрийн гэсэн зах зээлийн үнэтэй байдаг. Жишээ нь: Алдартай Кока-Колагийн таних тэмдэг нь 36 тэрбум доллараар үнэлэгддэг. Энэ асар их мөнгө зөвхөн таних тэмдгийн үнэлгээ юм. Энэ мөнгө нь ямар нэг тоног төхөөрөмж, машин, савалгаа гэх мэт материаллаг зүйлсийнх биш, зөвхөн нэр төрийн үнэ гэсэн уг. Ингэхээр шинээр бизнес эрхэлж байгаа, бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа, эсвэл үйлдвэрлэж байгаа хүмүүс, яаж хүчтэй брэндтэй болох вэ? Хүн бүрийн хайдаг, мэддэг, сонгодог брэнд болохын тулд ямар саад бэрхшээл давах ёстой байдаг вэ? 1. хэн ч мэддэггүй цоо шинэ зах зээлд гарч байгаа бүтээгдэхүүн байлаа гэж бодьё. Хамгийн түрүүнд үйлдвэрлэгчид (борлуулагч) түүнд нэг эвтэйхэн сонсогдохоор, худалдан авагчид таалагдахаар нэр сонгож өгөх хэрэгтэй болно. 2. Дараа нь мэргэжлийн дизайнер ажилдаа орно. Мөн бүтээгдэхүүний тухай бүх дэлгэрэнгүй мэдээлэл авна (ямар шинж чанартай, онцлогтой, хэнд зориулагдсан, яаж хэрэглэгдэх ёстой, хэрэглэснээр ямар ашиг олох вэ? г.м.) Энэ бүгдийг мэдэж байж ажилдаа орно. Жирийн нэг лого хийх хугацаа 5-10 хоног байдаг. Энэ хугацаанд дизайнер бүтээгдэхүүнд тохирох, логоны хэдэн хувилбар гаргаж захиалагчид үзүүлнэ. Захиалагч дизайнерийн хийсэн бүтээлд өөрийн санааг нэмэрлэдэг байна. Логоны хувилбарыг захиалагчийн санаанд улам ойртуулж өгснөөр эцэст нь тэр бүтээгдэхүүн маань өөрийн гэсэн дүр төрхтэй болно. Харин одоо хүн болгон энэ бүтээгдэхүүнийг логогоор нь дамжуулан төсөөлдөг, мэддэг, бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгадаг болгох хэрэгтэй юм. 3. Тийм болохоор дараачийн үе шат гэвэл бараандаа тохирсон реклам бүтээх юм. Шинэ брэндийн эзэн та ямар утта санаа агуулсан реклам явуулах гэж байгаа талаар тодорхой ойлголттой байх ёстой. Үүнд бас л мэргэжлийн хүмүүсийн (дизайнер, рекламны найруулагч г.м.) туслалцаа авна. Лого бүтээх, реклам хийх, энә нарийн процессүүдийн тухай би дараа дараагийн дугааруудад бичих болно. Одоо харин энә байгаа барааны тэмдгийг жинхэнэ брэнд болгох процессыг ерөнхийд нь танилцуулья. Таны бүх рекламнууд бэлэн болчихлоо гэж үзье. (телевизийн, сонин хэвлэлийн, гаднах, радиогийн г.м) Тэгэхээр одоо рекламаа хүмүүст хүргэх, хэрэгтэй. Гэвч рекламаа цацахад бас учир бии. Ямар мэдээллийн хэрэгслээр, ямар цагт, ямар хүмүүст зориулж... гэх мэт асуудлууд гарч ирч эхлэнэ. Эцсийн эцэст та халуун зунаар нэхий дээлийг яаж ч гоё рекламдаад нэмэргүй биздээ. 4. Энэ бүх асуудлыг та амжилттай шийдэж, яг зорилтот зах зээлдээ, яг зөв сувгаар нь, хэрэгцээтэй үед нь рекламаа цацлаа гэж бодьё л доо. Гэтэл дараачийн проблем гарч ирнэ. Хүн тэр рекламыг чинь нэг үзээд буюу уншаад мартаж л орхино (Эхний хэдэн удаа бүр анзаарахгүй ч байж магадгүй). Үүнд гайхах юм алга. Хүний тархи өөрийгөө мэдээллийн хэт ачааллаас хамгаалдаг. Энэ бол жирийн мэдрэлийн физиологийн процесс юм. Тухайн үед шаардлагагүй гэж үзсэн мэдээллээ тэр дор нь таны тархин доторхи дэлгэцний хогийн савруу хийчихнэ. Тэгэхээр реклам явуулж байгаа та тэр мэдээллээ ойр ойрхон хугацаанд, дахин дахин дэлгэцэн дээр нь гаргаж өгөх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл рекламаа олон удаа давтана гэсэн үг. Ингэсний ачаар худалдан авагч тэр мэдээллээ улам сайн санадаг, улам дотноор хүлээж авдаг болно. Ингэсэн нөхцөлд та энэ бараагаа борлуулах, зорилгодоо улам ойртож чадлаа гэсэн үг. Хэзээ нэгэн цагт таны потенциальный худалдан авагч дэлгүүрт орж ирэн лангуун дээр байгаа олон барааны дунд таны барааг олж харан ,"Хүүе энэ чинь миний мэддэг бүтээгдэхүүн юм байна, аваад үзвэл яасан юм бэ?" гээд худалдаад авна. Ингээд та тавьсан зорилгодоо хүрч бүтээгдэхүүн ээ борлуулж чадлаа. Дараагийн асуудал бол энэ байдлыг хадгалах нь юм. Гэвч энэ ч гэсэн дэндүү том сэдэв учир одоохондоо түр орхие. Одоо харин хүн болгоны мэддэггүй зүйл рүү орьё. Брэнд гэдэг үгийг англи хэлнээс орчуулвал тамга гэсэн үг. Малчдын хэрэглэдэг малын тамгатай төстэй. Хялбарчилж тайлбарлавал брэнд бол хүн болгоны танил болчихсон, хэрэглэгчийн ой санаанд нь тодорхой бараа үйлчилгээтэй шууд холбогддог барааны тэмдэг гэсэн үг. Дашрамд хэлэхэд, барааны тэмдэг болгон брэнд хүртэл хөгжиж чаддаггүй. Статистикаас үзвэл шинээр гарч ирж буй 10 барааны 8 нь бүтэлгүйтдэг. Тэр нь буруу маркетинг, рекламны бодлого явуулсантай холбоотой юм. Барааны тэмдгийг болон түүнтэй холбоотой имиджийг хэрэглэгчийн дотоод ухамсарт нь урт удаан хугацаагаар суулгах (өөрөөр хэлбэл брэндийг бий болгох) энэ процессийг БРЭНДИНГ гэж нэрлэдэг. Тэгэхээр брэндингийн явцад компаниуд ямар түгээмэл алдаа хийдэг вэ? 1. Бараа бүтээгдэхүүнээ барааны тэмдэггүй рекламддаг. Хүн гаднах орчны мэдээллийн 80%-ийг нүдээр дамжуулан хүлээж авдаг. Тэгэхээр хүний анхаарлыг татсан барааны тэмдэггүй, зовхон нэг оноосон нэртэй бүтээгдэхүүнийг борлуулахын тулд хамаагүй их цаг хугацаа , мөнгө, хүч хөдөлмөр шаардагдана. 2. Рекламны материалуудаа хэвшмэл, нэгдсэн дүр төрхтэй, нэгдсэн бодлоготой байлгаж чаддаггүй. Жишээлбэл: Телевиз, сонин сэтгүүлийн реклам, плакат, танилцуулгуудаа өөр өөр газруудаар, төрөл бүрийн стилиэр хийлгэж, үг хэллэгүүдээ байнга өөрчилнө. Барааны тэмдгүүдийн хэлбэр галбируудыг алдагдуулан, өнгийг нь өерчлөөд байна. Үүнээс шалтгаалан тухайн байгууллага, эсвэл бүтээгдэхүүний нэгдсэн дүр төрх бүрдэх боломжгүй болдог. Тиим учраас энэ алдаануудыг гаргахгуйн тулд хамгийн түрүүнд мэргэжлийн дизайн студид хандаж: Нэгт: Заавал лого, барааны тэмдэгээ хийлгээд авах ёстой. Хоёрт: Болж өгвөл фирмийн стиль эсвэл брэнд бүүк боловсруулуулах хэрэгтэй. Фирмийн стильд юу ордог вэ? гэвэл логоны байгуулалт ба өнгөний кодууд, логоны хар цагаан хувилбар нь байнга хамт ашиглагдах шрифтүүд, бүх бичиг баримтуудын нэгдсэн стиль, хэвлэмэл рекламны материалуудын нэгдсэн эргэж танигдах дүр төрх, логонд тохирох ба тохирохгүй өнгө, логог ашиглаж болох ба болохгүй хувилбарууд, сав баглаа боодлын загварууд, гаднах рекламны материалууд, бэлэг дурсгалын зүйлс гэх мэт. Энэ бүх зүйл ба фирмийн стилийн дагуу хийгдсэн оффис, дэлгүүр ба интерьерийн шийдлүүд нь тухайн байгууллагын бүтээгдэхүүний өвөрмөц дүр торхийг бүтээхэд тань туслах болно. Ингэснээр танай байгууллагын (эсвэл бүтээгдэхүүний имидж), таны түншүүдийн (эсвэл худалдан авагчдын) ой санаанд нь улам түргэн бэхжиж, энэ нь танай компаний нэр хүнд болон бүтээгдэхүүний борлуултанд хүчтэйгээр нөлөөлж таны маркетинг, рекламны үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг бодитойгоор хэмнэх болно. Багш Д. Амгаланбаяр Улаанбаатар 2011- 2012 он.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 3-р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Лого тэмдэгтийн тухай
moon
Брэнд ба Брэндингийн тухай
DESIGN new new new new new
setgegdel
setgegdel
singleness
mother fixation
horse.04
horse.03
horse.02
horse.01
composition
two horse
wind

Найзууд

DESI
Цагаан хараацай



:-)
 
xaax